"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 12

мэдээлэл
ÕÓÓËüчийн мэдээ
Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хороог батламжиллаа
12
Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье .
Монголын Хуульчдын Холбооны Удирдах зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр Хуульчдын холбооны Өмгөөллийн Нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хороог албан ёсоор батламжилсныг та бүхэндээ дуулгахад таатай байна .
2013 оны 04 дүгээр сараас дагаж мөрдөж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулинд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хамтран эрхлэх хуулийн этгээд нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар заасны дагуу өнөөдрийн байдлаар Монгол Улсад хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг 160 гаруй ХХН ажиллаж байна . Эдгээр нөхөрлөлүүд өнгөрсөн хугацаанд багагүй туршлага хуримтлуулж , үйлчилгээ үзүүлэх цар хүрээ өргөжихийн хэрээр нэгдмэл , тогтвортой үйл ажиллагаа явуулах , бие биенээсээ суралцах , хамтдаа хөгжих , цаашилбал олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлага бий болж байна .
Тиймээс өмгөөллийн нөхөрлөл , тэдгээрийн төлөөллийг эгнээндээ нэгтгэж , тэдний эрх , хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах , тогтвортой хөгжлийг нь дэмжих , үйл ажиллагааг нь сурталчлах , өмгөөллийн нөхөрлөл байгуулан ажиллах , соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор тодорхой хугацаанд өмгөөлөл , хууль зүйн үйлчилгээ үзүүлж , туршлага хуримтлуулсан хэсэг хуульч , өмгөөлөгчид энэхүү хороог байгуулахаар санаачилсан юм .
Өмгөөллийн Нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хороо нь эхний ээлжинд дараах 2 ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна . Үүнд :
1 . Нөхөрлөлийн удирдах ажилтны дунд судалгаа явуулах
Энэхүү судалгаа нь хуулийн нөхөрлөлийн үйл ажиллагаанд ямар дэмжлэг хэрэгтэй байгаа болон цаашид Өмгөөллийн Нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооноос ямар үйл ажиллагаа явуулахыг хүсч байгааг тодруулах зорилготой .
2 . Хууль , эрх зүйн зүйн үйлчилгээнд ногдох НӨАТ-ын хуульд заасан зохицуулалтыг өөрчлүүлэхээр ажиллах
Өмнө хэрэгжиж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ нь татвар ногдох орлогод тусгайлан ордоггүй байсан ч Татварын байгууллагаас “ үйлчилгээ үзүүлж орлого олсон ” гэдэг үндэслэлээр татвар ногдуулдаг байсныг зарим өмгөөлөгч , хуулийн компаниуд шүүхэд уг асуудлаар хандаж шийдвэрлүүлж байсан байна . Тэдгээрийн заримаас дурдвал :
• Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 0058 дугаар тогтоолоор НӨАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан НӨАТ ногдох үйлчилгээ үзүүлдэггүй “ Ананд энд Батзаяа ” ХХК-ийг НӨАТ төлөгчийн бүртгэлээс хасахыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ хэмээн шийдвэрлэсэн .
• Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 330 тоот магадлалаар “ Нью Грата ” ХХК-ийг НӨАТ төлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “ Нью Грата ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож , “ Нью Грата ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна .
• Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 188 тоот тогтоолоор мөн энэ үндэслэлээр “ Шударга өмгөөлөгч ” ХХК-ийн үйл ажиллагааг НӨАТ ногдох “ үйлчилгээ ” -нд хамруулж , маргаан бүхий актын холбогдох заалтаар төлбөр ногдуулсан нь буруу гэж дүгнэн , татварын улсын байцаагчийн
2010 оны 261467 дугаар актын 5 дахь заалтыг хүчингүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр , магадлал үндэслэлтэй болжээ ” гэж шийдвэрлэсэн байна .
Ийм байдлаар шүүхэд хандсан зарим өмгөөлөгчид НӨАТ-ын талаар нааштай шийдвэрлүүлж байсан ч энэ асуудал тухайн тохиолдолд хэрэгжиж нийтийн хэмжээнд шийдэгдээгүй хэвээр байсан юм .
2016 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.17 дахь хэсэгт зааснаар өмгөөлөл , хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг татвар ногдох орлогод хамааруулсан бөгөөд энэ чиглэлээр ажиллаж байгаа иргэн , хуулийн этгээд адилхан НӨАТ төлөх үүрэг хүлээж байна .
Санхүүгийн хүндрэл улс орон даяар үргэлжилж байгаа өнөөгийн нөхцөлд нэн ялангуяа бага орлоготой иргэдэд хууль ёсны эрх , ашиг сонирхлоо хамгаалуулахад НӨАТ нь нэг төрлийн дарамт учруулж байгаа бол нөгөө талд хуулийн үйлчилгээ үзүүлж буй нөхөрлөл , бие даасан үйл ажиллагаа эрхэлдэг өмгөөлөгчид тухайн хүнд үзүүлж буй үйлчилгээний төлбөрийг нэмэхэд хүргэж байгаа юм . Иймээс хувь хүнд үзүүлэх хууль зүйн үйлчилгээнд ногдох татварын талаарх зохицуулалтыг хууль тогтоомжид дараах байдлаар тусгаж өөрчлөлт оруулахаар ажиллаж эхлэх эсэхэд та бүхэн саналаа өгнө үү .
а . Эрүү , захиргааны чиглэлийн хууль зүйн зөвлөгөө , үйлчилгээнд НӨАТ ногдуулахгүй байхаар б . Иргэний хэрэг маргаанд тодорхой үнийн дүн зааж ( жишээ нь 50,0 сая төгрөг хүртэл ), энэ дүнд багтсан бол НӨАТ төлдөггүй байхаар зохицуулалт хийх
Та бүхэн шинэхэн байгуулагдсан хорооноос цаашид явуулах үйл ажиллагааны талаар санал , хүсэлтээ илгээвэл бид туйлын их баярлах болно .
Хүндэтгэсэн Б . БАЯР Монголын Хуульчдын Холбооны Өмгөөллийн Нөхөрлөлийг дэмжих хорооны тэргүүн , Өмгөөллийн “ ИЭлСи ” ХХН-ийн Гүйцэтгэх захирал , өмгөөлөгч e-mail : bayar @ elclawoffice . mn Гар утас : 88105991